Хураангуй бэлтгэсэн:
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2025.06.27-ны өдрийн 114/ШШ2025/0029
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
2025.10.23 Шийдвэрийн тойм-11
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүгчийн захирамж /шүүхийн тогтоол/-ийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Иргэн О нь улсад 21 жил 8 сар, үүнээс “Сод монгол групп” ХХК-д нярав, “Тэс петролиум” ХХК-д нярав, нефть хангамжийн операторчноор нийтдээ хүсэлт гаргах үедээ 9 жил 6 сар ажилласан бөгөөд хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлтээ Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт гаргажээ.
Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газар, тус газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөл дээрх өргөдөл, хүсэлтийг хүлээн авч хянан үзээд “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан 45 насанд хүрсэн, нийтдээ 20-иос доошгүй жил ажиллаж байх шаардлагыг хангасан ч холбогдох журмаар жижиглэнгийн шатахуун түгээх газарт нярав, нефть хангамжийн операторчноор ажилласан хугацааг хөдөлмөрийн хортой нөхцөлд тооцох боломжгүй” хэмээн татгалзсан хариу өгсөн байна.
Ийнхүү О тухайн захиргааны байгууллагуудад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Д.Оюун-Эрдэнийн өндөр насны тэтгэврийг тогтоохоос татгалзсан шийдвэр хууль бус болохыг тогтоож, түүний өндөр насны тэтгэврийг тогтоох шийдвэр гаргахыг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэл гаргаж маргасан.
Шүүхээс “...Монгол Улсад нефтийн төрлийн бодистой харьцдаг хамгийн түгээмэл ажил мэргэжил болох нефт жижиглэнгээр борлуулдаг шатахуун түгээх газрын нярав болон нефть хангамжийн операторчин ажил мэргэжлүүд нь хөдөлмөрийн хортой нөхцөлд хамаарахаар байна, мөн шүүхээс хийсэн үзлэгээр нэхэмжлэгчтэй адил нөхцөлд ажиллаж байсан иргэдийг хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоосон атлаа нэхэмжлэгчийг тогтоохоос татгалзсан нь тэгш байх зарчмыг зөрчсөн” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Тойм бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ