Уншиж байна...

ТҮҮХЭН ТОВЧОО

Дархан хотын шүүх  нь 1962 оны 10 сарын 01-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор дарга, нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч гэсэн орон тоотойгоор байгуулагдаж, анхны шүүхийн даргаар С.Баасай, нарийн бичгийн даргаар Х.Лена, тогтоол гүйцэтгэгчээр Г.Пүрэв нар ажиллаж эхэлсэн түүхтэй.

Тухайн ондоо шүүх нь эрүүгийн 1 хэрэг, иргэний 21 хэрэг хянан шийдвэрлэсэн байдаг бөгөөд 1963 оноос зарлага, галч, өмгөөлөгч болон нэг шүүгчийн орон тоо нэмэгдэж байжээ.

Үүнээс хойш 1970-аад он гэхэд манай улсад өрнөсөн бүтээн байгуулалтын жилүүдэд Дархан хот өргөжин тэлж, үйлдвэрлэл нэмэгдэж, хүн амын тоо өссөн тул БНМАУ-ын Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 1974 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 360 дугаар зарлигаар Дархан хотын шүүхийн зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, иргэдийн өргөдөл гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэх, шүүн таслах ажиллагааг сайжруулах үүднээс Шүүхийн коллегийг байгуулсан.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1975 оны 1 дүгээр тогтоолоор Дархан хотод ардын хэсгийн шүүхүүд байгуулахаар шийдвэрлэж уг оныхоо 6 дугаар сарын 15-ны өдөр Дархан, Найрамдал, Уурхайн хорооны шүүхийг байгуулж, 1993 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Шүүх байгуулах тухай хуулиар хэсгийн шүүхүүдийг нэгтгэн Сум дундын шүүх, 1994 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүх болгон өөрчлөхөд шүүх анх Тамгын хэлтэстэй болж, анхны даргаар Б.Нүрзэдмаа томилогдон ажиллаж, энэ цагаас хойш Тамгын хэлтсийн үе үеийн дарга нар Б.Хажидмаа, Р.Бизъяа, Д.Дорж, П.Энхбаяр, О.Өлзийхутаг, Б.Цэрэнбат нар ажиллаж байжээ.

Шүүхийн шинэтгэлийн үр дүнд Шүүхийн захиргааны тухай хууль 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр батлагдаж, 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхэд тус тамгын газар нь шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэрэг, маргааныг шийдвэрлэхэд арга зүй, мэдээлэл, судалгаа, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн, ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэгтэйгээр байгуулагдсан түүхтэй. Тамгын газрын анхны дарга /тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр/-аар А.Баттөр ажиллаж байсан ба 2014 оны 09 дүгээр 15-ны өдрөөс одоог хүртэл Б.Бат-Амгалан тамгын газрын даргаар ажиллаж байна.

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 113 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн шүүхийн тамгын газруудыг өөрчлөн байгуулж, бүтэц, орон тоог шинэчлэн баталснаар шүүхийн Тамгын газрын нэр “Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газар” болж өөрчлөгдсөн бөгөөд одоо Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн захиргааны чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Салбарын шагнал

Манай хамт олон Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болон шүүн таслах ажиллагааг хэвийн, тасралтгүй хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэх, шүүхийн үйлчилгээг олон нийтэд хүртээмжтэй, нээлттэй хүргэх чиг үүргээ чармайн хэрэгжүүлж, бүх шатны шүүхийн Тамгын газрын 2017 оны ажлын үнэлгээгээр "ГУРАВДУГААРР" байр эзэлсэн.

Манай хамт олон 2021 оны ажлаараа "ТУСГАЙ БАЙР"-т шалгарлаа.

Манай хамт олон 2021 оны “ШИЛДЭГ АЖИЛ ХЭРЭГЖҮҮЛСЭН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР”-аар шалгарлаа.

 

 

ШҮҮХИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Эхлэлд очих