"Сайн, муу, зөв, бурууг ялгая" арга хэмжээ зохион байгууллаа
2024-11-10 | 377Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газраас Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар, Боловсролын газар, Сургуулийн өмнөх насны боловсрол олгох байгууллага болох 1 дүгээр цэцэрлэг удирдлагатай хамтран “Сайн, муу, зөв, бурууг ялгая” арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд тус цэцэрлэгийн Ахлах бүлгийн Ж.Ариунсанаа багштай бяцхан хүүхдүүд манай шүүхээр зочилж, шүүх танхимтай танилцлаа.
Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг шиг хүүхдийг нялх, бага гэж гололгүй, буруу зөвийг ухааруулж, эрх зүйн боловсролыг сургуулийн өмнөх наснаас нь тоглоомын аргаар олгох сайн туршлагаас Монгол Улсын шүүхэд хэрэгжүүлэхээр зорьж, шүүхийн үүд хаалгыг багачуудад нээх анхны алхмыг Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар туршиж байсан бөгөөд үргэлжлэл болгон Дархан-Уул аймгийн 1 дүгээр цэцэрлэгийн Ахлах бүлгийн Ж.Ариунсанаа багштай бяцхан дүү нараа шүүхдээ урьсан юм.
Хүрэлцэн ирсэн 20 орчим хүүхдүүд эгнэн цувсаар орж ирээд шүүх хуралдааны танхим, шүүгч, шүүгчийн сандал, нөмрөг, хууль, алх, цагдаагийн хэрэгсэл гээд бүхий л зүйлийг анхааралтай харцгаана, тэдэнд ч сонирхолтой байгаа нь илхэн байлаа.
Энэхүү ажлын зорилго бол шүүхийн үйл ажиллагааг иргэдэд таниулах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх, зөв бурууг дэнслэхийг сургуулийн өмнөх наснаас олгох, эрх зүйн боловсролын суурийг зөв тавьж өгснөөр “Зөв Монгол иргэн”-ийг төлөвшүүлэх, бусад орны сайн туршлагыг нэвтрүүлэх зорилготой бөгөөд Хүүхдэд цэцэрлэг, сургуульд нь хууль гэж ийм зүйл, шүүгч гэж ийм хүн гэж ярихаас илүү орчинд нь авч ирж танилцуулах нь үр дүнтэй гэж эхлүүлсэн ажил билээ.
Тиймээс тэдний хамгийн сайн мэддэг дуу, хичээлийн сэдэвт тохируулан шүүгч, цагдаатай танилцуулж, хэрэглэдэг алх, хуулийн ном, хувцсыг нь харуулж, бидний “сайн, муу, зөв, бурууг” ялгадаг хүмүүс ийм танхимд суугаад, ийм ажил хийдэг гэдгийг таниулж байгаа юм.
Бид Дархан-Уул аймгийн цагдаагийн байгууллагатай хамтран хүүхдүүдийг ирэх буцах хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахын зэрэгцээ шүүхтэй танилцсан хүүхдүүдэд гар цайлгах бяцхан гарын бэлэг бэлгэллээ.
Шүүхтэй танилцаад, “Сайн хүүхэд” гэдэг дуугаа дуулан гарын бэлгээ аваад гарсан хүүхдүүд баяр хөөртэйгөөр “Том болоод би шүүгч болно” гэж нэг нь хэлэхэд “Тэгвэл би цагдаа болно” гэсээр урам зориг дүүрэн шүүхтэй танилцсан аялал нь өндөрлөж шүүхийн шүүх хуралдааны танхимд инээд хөөр бялхсан нэгэн өдөр болж өнгөрлөө.
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын дарга Э.Амарсанаа
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас анхлан санаачилсан энэхүү арга хэмжээг Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын зүгээс “Сайн, муу, зөв, бурууг ялгая” гэсэн нэрийн дор зохион байгуулж байна.
Цэцэрлэгийн насны хүүхэд шүүх байгууллага, хуулийн талаар мэдлэг олгох нь зүйтэй болов уу гэж бодож байж магадгүй.
Хүүхэд дөрвөөс дээш насандаа аливаа зүйлд дүн шинжилгээ хийж, аливаа үйлдлийн зөв бурууг шүүн тунгааж эхэлдэг гэх судалгаа бий.
Мөн Зарим гаднын улс орнуудад сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хичээлийнх нь хөтөлбөрт хууль, эрх зүйн суурь мэдлэг олгохоор тусгагдсан байх бөгөөд хүүхэд багаасаа өөрийгөө хамгаалах, бусдыг хайрлах, нэг нэгнийхээ эрх ашгийг танин мэдэж авдаг байна. Ингэж төлөвшүүлснээр ирээдүйд үүсэж болзошгүй гэмт хэргээс тодорхой хэмжээнд урьдчилан сэргийлж, түүнчлэн өөрийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзвэл шүүх хамгаалдаг гэдэг ойлголтыг олгохыг бид зорьж энэхүү арга хэмжээг зохион байгууллаа.
Дархан-Уул аймгийн 1 дүгээр цэцэрлэгийн Ахлах бүлгийн багш Ж.Ариунсанаа
Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд шүүхийн байгууллагыг танилцуулсан нь үнэхээр онцлог ажил боллоо. Цэцэрлэгийн насны хүүхдийн онцлог нь өөрийнхөө нүдээр харж, орчинд нь биечлэн танилцуулах нь үнэхээр үр дүнтэй байлаа.
Багш нар ер нь хичээл дээрээ эмч, багш, цагдаа гээд түгээмэл байдаг ажил мэргэжлийг танилцуулж байснаас шүүгч гэх энэхүү ажил мэргэжлийг огт танилцуулж байгаагүй. Биечлэн хүүхдүүддээ шүүгчийн ямар ажил эрхэлдэг, өмсдөг нөмрөг, шүүгчийн алх, цагдаа ах юу хийдэг, цагдаа ахын гаваар муу хүнийг гавладаг гэх мэт ойлголтуудыг өгч үр дүнтэй өдрийг өнгөрүүлсэндээ маш их баяртай байна.
Хичээлийн төгсгөлд таван настнуудаас санал сэтгэгдлийг нь асуухад....
Миний дүү хаана ирсэн байгаа билээ?
Шүүхэд ...
Өнөөдөр миний дүү юу мэдэж авсан бэ?
Зөв, бурууг мэдэж авсан.
Хэн зөв, бурууг шүүдэг билээ?
Тэнд сууж байгаа, хар нөмрөгтэй шүүгч
Шүүгч гэж хэн билээ?
Сайн, муу, зөв, бурууг ялгадаг хүн.
Тэд юу хийдэг гэсэн бэ?
Алхаараа тас тас цохиж зөв бурууг хэлж өгдөг хүн.
Цагдаа хүн юу хийдэг билээ?
Буруу зүйл хийсэн хүнийг барьдаг. Биднийг муу хүнээс хамгаалдаг.