Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр шүүхийн байранд зохион байгуулагдлаа.
2025-06-16 | 60Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 75 дугаар зарлигаар Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүгч албан тушаалд Батсүхийн Ариунболорыг томилж, Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр шүүхийн байранд зохион байгуулагдлаа.
Ёслолын үйл ажиллагааг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дарга З.Баяржаргал удирдан зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцуулсан бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу шүүгч Б.Ариунболор төрийн өмнө шүүгчийн тангараг өргөснөөр бүрэн эрх нь эхэлж буйг албан ёсоор зарлаласан юм.
Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Дархан-Уул аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчид, Дархан-Уул аймгийн Прокурорын байгууллагын төлөөлөл болон шүүхийн захиргааны ажилтан нар хүрэлцэн ирж, шинэ шүүгчид баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ.
Төрийн өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, үнэн ба зөвийн дэнсэн дээр шударга ёсыг сахин хамгаалагч шүүгчийн хариуцлагатай үйл хэрэгт нь амжилт хүсье.
Шүүгчийн шийдвэр нь мэргэн, шударга ёсны зам нь шулуун байг.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР