Уншиж байна...
Нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяаллыг зөрчсөн нь илэрвэл өөр шүүхэд шилжүүлж болно

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 135/ШЗ2023/01964 дугаартай захирамж

Тоймын дугаар: №6, 2023.05.22

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Нэхэмжлэгч “Х банк” ХХК-ийн Дархан-Уул салбар нь Ц.Б, О.Г нарт холбогдуулан 216,567,073.16 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж хариуцагч нарын оршин суугаа газрыг Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 380 дугаар байр ** тоот, холбоо барих утасны дугаарыг 99****** гэж тодорхойлжээ.

Хариуцагч нар нь 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Хаан банктай Барьцаат зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулах үедээ Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж 68 дугаар байр, ** тоот хаягт бүртгэлтэй байсан болох нь Монгол Улсын иргэний цахим үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байх ба шүүхийн шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс хариуцагч нарыг Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 380 дугаар байр, ** тоотод оршин сууж байгаа болохыг тогтоосон байна.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 135/ШЗ2023/01302 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Б нь нэхэмжлэлийн хувийг гардаж авахдаа өөрийн оршин суугаа газрыг Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 12-н В байр, ** тоот гэж тодорхойлон Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт ирүүлж, хэргийг шилжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Мөн хариуцагч О.Г нь өөрийн оршин суугаа газрыг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол 401 дүгээр байр, ** тоот гэж тодорхойлсон ба Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн Засаг даргаас хариуцагч О.Г-ийг нэхэмжлэлд дурдсан Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 380 дугаар байр, ** тоотод оршин суудаггүй гэж мэдэгдэх хуудсанд тэмдэглэсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хаяг өөрчлөгдсөн болохыг нэхэмжлэгч мэдээгүй хуучин хаягаар нь нэхэмжлэл гаргасан, хариуцагчийн түр оршин суугаа газрыг байнга оршин суугаа газар гэж төөрөгдсөн зэрэг нөхцөл байдал үүсэж болно. Энэ тохиолдолд нэхэмжлэгчид зардал, чирэгдэл, цаг хугацааны алдагдал гаргахгүй байх зорилгоор хэргийг зохих шүүхэд шилжүүлж болохыг хуулиар зохицуулсан.

Шүүх “Х банк” ХХК-ийн Дархан-Уул салбарын нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяаллыг зөрчсөн нь илэрсэн тул хариуцагч Ц.Б-ын хүсэлтээр хэргийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд буюу Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Тойм бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Эхлэлд очих