Уншиж байна...
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээгээр биечлэн эдлэх ялыг тогтоов.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022.11.04  дугаар:2022/ШЦТ/355

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Шийдвэрийн хураангуй.

Санамж: Энэ хураангуй нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Шүүгдэгч Л.А нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.У-г 2022 оны 06 дугаар сарын 02, 22-ны өдрүүдэд зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”, хамтран амьдрагч Б.У-г боомилж амь насыг нь хохироон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан”, мөн Л.Э-н цээжин тус газарт нь хадаасаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан “зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогдсон.

Шүүгдэгч Л.А нь хамтран амьдрагч Б.У-г 2021 оны 09 дүгээр сараас 12 дугаар саруудад зодож, гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг удаа дараа зодсон, энэ байдал нь урт хугацаанд үргэлжилжилсэн, байнгын шинжтэй, гэмт хэрэг шалгагдаж байх үедээ  Б.У-г боомилж амь насыг нь хохироосон үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хүч хэрэглэн амь насыг нь хохироосон, Л.Э-н цээжинд хадаасаар хатгаж эрүүл мэндэд нь зүүн хөхний дээд хэсэгт хатгагдаж нэвтэрсэн шарх нь учрах үедээ амь насанд аюултай хүнд хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдэж шүүх түүнд биечлэн эдлэх хорих ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр  шийдвэрлэв.

Шүүх Л.А-н биечлэн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж, 4 дэх хэсэгт хэд хэдэн бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэсэн нийт хэмжээ нь хамгийн хүнд ялтай бүлгийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж тус тус заасны дагуу тогтоов.

Шүүгдэгч Л.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн аравдугаар бүлэгт заасан Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг, арван нэгдүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус тус үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн аравдугаар бүлэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ нь 20 жил байхаар тогтоосон байна.

Тоймыг бэлтгэсэн: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү

Бүрэн эхээр нь дараах линкээр уншина уу.

 https://shuukh.mn/single_case/82250?daterange=2022-01-01%20-%202023-01-18&id=1&court_cat=2&bb=1  

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Эхлэлд очих